logo

Тухай

Дүрэм

Журам

Тэмцээн

Тамирчид

Сургалт

Мэдээлэл

Бэлтгэл

Ой тогтоолтын улсын аварга тодорлоо

Монголын Оюун Ухааны Академиас санаачлан зохион байгуулж буй “Pizza Hut” брэндийн нэрэмжит “Ой тогтоолтын улсын аварга-2021” оюуны спортын аварга шалгаруулах 11 дэх удаагийн тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд амжилттай явагдаж өндөрлөлөө. Тэмцээнд Улаанбаатар хот болон Дархан-Уул, Орхон, Дорнод аймгуудаас шалгарсан шилдэг 72 тамирчин харааны болон сонсголын ой тогтоолтыг шалгасан 10 төрлөөр бага нас, өсвөр, насанд хүрэгчдийн ангилалд өрсөлдсөн юм. Олон улсын цолтой 10 тамирчин оролцсон нь тэмцээнийг өрсөлдөөнтэй болголоо.

Хоёр өдөр үргэлжилсэн оюуны өрсөлдөөний үеэр бүх насны ангилалд давтагдсан тоогоор улсын таван дээд амжилт болон дэлхийн нэг дээд амжилт тус тус шинэчлэгдлээ. Тухайлбал, 15 минутын "Тооны марафон" төрөлд 1168 цифр байсан Хятадын тамирчны дэлхийн дээд амжилтыг ОУ-ын Их Мастер Т.Тэнүүн 1260 цифр болгон шинэчиллээ.

Энэ жилийн улсын аваргын “Бага нас”-ны ангилалд 2020 оны Улсын аварга Д.Хүслэн (2580 оноо), “Өсвөр”-ийн ангилалд Азийн Мастер Ш.Наранбат (5464 оноо), “Насанд хүрэгчид”- ийн ангилалд ОУ-ын Их Мастер Т.Тэнүүн (7322 оноо) нар тус тус тэргүүлж цом хүртлээ.

Харин тэмцээний 10 төрлийн нийлбэр оноогоор нийт тамирчдаа тэргүүлэн 2021 оны “Улсын аварга”-аар ОУ-ын Их Мастер Т.Тэнүүн (7322 оноо) тодорч аваргын цом, медаль, 1 сая төгрөгийн мөнгөн шагнал хүртсэн юм. Нийлбэр дүнгээр дэд байрт 2017 оны Өсвөрийн Дэлхийн аварга, Гиннесийн рекордыг эзэмшигч, ОУ-ын Их Мастер Э.Лхагвадулам (6133 оноо) шалгарч 750,000 төгрөг, гутгаар байрт Оюуны олимпийн мөнгөн медальт, ОУ-ын Их Мастер Э.Пүрэвжав (6066 оноо) шалгарч 500,000 төгрөгийн мөнгөн шагналыг тус тус хүртлээ.

Тэмцээний ерөнхий ивээн тэтгэгчээр оюуныг дэмжигч “Pizza Hut” брэнд ажилласан ба тус брэнд нь 2019 оноос Монголын Оюун Ухааны Академитай хамтран "Бид ирээдүйн ой тогтоолтын тамирчид" тэтгэлэгт хөтөлбөрийг хэрэгжүүлэн 20 хүүхдийг сургаж энэхүү тэмцээнд оролцох боломжийг олгосон юм. Эдгээр суралцагчдаас оноогоор тэргүүлсэн Л.Уянга нь “Pizza Hut” брэндийн “Элч тамирчин” болж түүний олон улсын тэмцээнд оролцох зардлыг цаашид бүрэн хариуцахаар боллоо.

Тэмцээнийг амжилттай зохион байгуулахад үнэтэй хувь нэмэр оруулж оюунлаг үйлсийг ивээн тэтгэсэн, оюуныг дэмжигч байгууллага “Таван богд фүүдс пицца” компанийн хамт олонд талархсанаа илэрхийлье.

Мөн зохион байгуулах багт ажилласан сайн дурын ажилтнууд, нийт тамирчид, академийн орон нутгийн салбарын удирдлагууд, багш, сурган хүмүүжүүлэгчид, үргэлж ар тал нь байж дэмжиж тусалдаг тамирчдынхаа гэр бүлийнхэнд сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!

Ийнхүү өнгөрсөн 11 жилийн хугацаанд манай хамт олон оюуны спортын олон төрлөөр нийт 102 тэмцээнийг амжилттай зохион байгуулж давтагдсан тоогоор 16,000 гаруй тамирчдыг бэлтгэн оролцуулжээ. Мөн Англи, Америк, Япон, Солонгос, Хятад зэрэг дэлхийн 20 гаруй улсад зохион байгуулагдсан 59 олон улсын тэмцээнд тамирчдаа бэлтгэн оролцуулж 96 цом, 1082 медаль хүртэж, гиннес, дэлхийн олон дээд амжилтыг шинэчлэн тогтоосоор байна.

Сэтгэхүйн хурдыг танд эзэмшүүлж
Оюуны хүрдийг дэлхийд таниулна!

МОНГОЛЫН ОЮУН УХААНЫ АКАДЕМИ

logo
МОНГОЛЫН ОЙ ТОГТООЛТЫН
СПОРТЫН ХОЛБОО

ХУД, Оргил стар хотхон, 58-1- 4

7000-2266, 8806-4196

memorysport.mn@gmail.com

partnerpartnerpartner

Таны санал бидэнд хэрэгтэй байна

© 2022 | Монголын Ой Тогтоолтын Спортын Холбоо зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан