logo

Memorysport

Тэмцээн

Тамирчид

Бэлтгэл

Ой тогтоолтын спортын тухай

Ой тогтоолтын спорт нь 1991 онд үүссэн бөгөөд тус спортыг оюуны зураглалын зохиогч, тархи судлаач Тони Бюзан болон Шатрын Их Мастер Рэймонд Кийн нар үндэслэсэн юм. Тэдний зохиосон тэмцээний 10 төрлүүдээр одоог хүртэл улс, олон улс, тив, дэлхийн аваргын тэмцээн зохион байгуулагдаж байна. Өдгөө 40 гаруй улсын тамирчид тус спортоор өрсөлдөж байгаа бөгөөд улс бүрт оюуны спорт нь маш хурдацтай хөгжсөөр байна.

Эрхэм зорилго

Монгол хүний оюуны чадавхыг хөгжүүлэх замаар “Сурах арга барил”- ыг эзэмшүүлж Монгол Улсын хөгжил дэвшилд иргэн бүрийн оролцоог нэмэгдүүлэх, оюуны спортыг эх орондоо хөгжүүлж дэлхийд тэргүүлэх тамирчдыг бэлтгэнэ.

Харин манай улсын хувьд энэхүү спорт нь сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж байгаа бөгөөд Монгол улсад энэхүү спортыг хөгжүүлсэн эрхэм бол Х.Хатанбаатар багш юм. Тэрээр 2006 оноос хурдан уншлага, ой тогтоолт, цээж бодолт зэрэг оюуны спортын олон төрлөөр хичээллэж олон улсын тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож байсан Монголын анхны тамирчин юм. 2008 онд Турк улсын хурдан уншлагын аварга шалгаруулах анхны тэмцээндээ оролцож мөнгөн медалийн эзэн болсноос хойш оюуны спортын тэмцээнүүдээс нийт 12 медаль хүртжээ. Түүний гаргасан томоохон амжилтаас нь дурдвал 2011 оны Ой тогтоолтын насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож мөнгөн медалийн болзол хангасан юм. Х.Хатанбаатар нь Монгол хүний оюуны потенциалыг дэлхийд таниулах хүсэл мөрөөдөлтэйгөөр академиа 2010 онд байгуулсан ба өнөөдөр гар нийлсэн хамт олны хичээл зүтгэл, мэриймтгий суралцагчид болон тэдний гэр бүлийн дэмжлэгээр Монгол Улс оюуны спортоор дэлхийд чанараараа нэгдүгээрт бичигдэж эх орноо олон улсад амжилттайгаар сурталчилсаар байна.

Эрхэм зорилгынхоо хүрээнд дэлхийд үнэлэгдэх оюуны спортын тамирчдыг бэлтгэн хүүхэд, залуусыг дотоод, гадаадын тэмцээнд оролцон өөрийгөө сорих боломжийг олгосоор байна. Өнөөг хүртэл манай хамт олон дотооддоо оюуны спортын 70 тэмцээнийг амжилттай зохион байгуулж 5500 гаруй тамирчдыг хамруулан Америк, Англи, Хятад, Тайван, Малайз, Турк, Энэтхэг, Филиппин, Швед, Сингапур, Солонгос зэрэг олон улсын 46 тэмцээнд тамирчдаа бэлтгэн оролцуулж Геннисийн рекордыг тогтоон ой тогтоолт, цээж бодолт, рубик шоо, хурдан уншлага, спорт өрөлтөөр олон улс, дэлхий, оюуны олимп зэрэг томоохон тэмцээний аваргуудтай болж нийтдээ 760 медалийг хүртэн эх орноо олон улсад амжилттай сурталчилсаар байна.

Ой тогтоолтын спорт нь хүн бүр хичээллэх боломжтой спорт юм. Төрөлхийн гайхамшигтай ой тогтоолттой нэг ч шилдэг тамирчин байхгүй. Бүгд ур чадвараа хөгжүүлэх арга техникт суралцаж, хамгийн шилдэг тамирчин болохын төлөө бэлтгэл сургуулилт хийдэг.

Та ч бас хийж чадна. Яагаад өнөөдрөөс эхэлж болохгүй гэж!

Б.Баасандорж

Монголын Оюун Ухааны Академийн Ахлах багш, Дасгалжуулагч,

Монголын Оюун Ухааны Академийн Ахлах багш, Дасгалжуулагч, Ой тогтоолтын спортын ОУ-ын II зэрэглэлийн шүүгч, Боловсролын тэргүүний ажилтан Б.Баасандорж нь 2014 онд академийн дэргэдэх анхны клуб болох “Megamind” клубийг үүсгэн байгуулж өсвөр насны шилдэг тамирчдыг бэлтгэн дэлхийн тавцанд амжилттай гаргасан билээ. Тус клубийн тамирчид өнөөг хүртэл улс, олон улс, тив дэлхийн чанартай 30 гаруй тэмцээнээс 600 гаруй медаль хүртэж, гиннес, дэлхийн олон дээд амжилтыг эзэмшиж байна. Мөн тус клубээс олон улсын цолтой 29 тамирчин төржээ.

Ө.Сэнгэсамдан

Монголын Оюун Ухааны Академийн Ахлах багш, Дасгалжуулагч,

Монголын Оюун Ухааны Академийн Ахлах багш, Дасгалжуулагч, Ой тогтоолтын спортын Олон Улсын Их Мастер, Ази тивийн Аварга, ОУ-ын II зэрэглэлийн шүүгч Ө.Сэнгэсамдан нь АШУҮИС-ийг “Хүний их эмч” мэргэжлээр төгссөн бөгөөд 2010 оноос хойш ой тогтоолтын спортоор хичээллэж эхэлсэн. Тэрээр 2012 оноос улс, олон улс, тив дэлхийн чанартай уралдаан тэмцээнд оролцож 5 жилийн хугацаанд 80 гаруй медаль хүртжээ. Түүний үзүүлсэн томоохон амжилтаас дурдвал 2014 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд III байр, 2015 онд Ази тивийн аварга болж тухайн үедээ дэлхийд чансаагаараа 5 дугаарт бичигдэж байв. Ө.Сэнгэсамдан багш 2016 онд “Classic Mind” клубийг үүсгэн байгуулсан ба тус клубийн тамирчид гиннес, дэлхийн олон дээд амжилтыг эзэмшиж байна. Мөн тус клубээс олон улсын цолтой 7 тамирчин төржээ.

logo
МОНГОЛЫН ОЙ ТОГТООЛТЫН
СПОРТЫН ХОЛБОО

ХУД, Оргил стар хотхон, 58-1- 4

7000-2266, 8806-4196

memorysport.mn@gmail.com

partnerpartnerpartner

Таны санал бидэнд хэрэгтэй байна

© 2022 | Монголын Ой Тогтоолтын Спортын Холбоо зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан